Сансрыг хэрхэн зурагладаг вэ?

2000 оноос Америкийн Үндэсний Сансар Судлалын Хүрээлэн (НАСА) Олон Улсын Сансрын Станцад (ОУСС) урт хугацаанд байрлаж судалгаа хийх сансрын нисгэгчдийг хүлээж авч эхлээд байв. Яг тэр жил Терри Вертс гэх Америкийн нисэх хүчний нисгэгч байсан эрхэм НАСА-д элссэн юм. Даанч 1990 ээд оны сүүлд элсүүлсэн олон тооны шинэ сансрын нисгэгчид болон 2003 болсон “Columbia” сансрын хөлгийн осол гэх мэт ээлж дараалсан золгүй явдлууд сансарт гарах сансрын нисгэгчдийн дугаарлуулахад хүргэв.

2010 оны хоёрдугаар сарын найманд Вертс ОУСС-д нэмэлт хоёр модуль аваачих зорилгоор “Endeavour” хөлгийг жолоодон анх удаа дэлхийн доод тойрог замд оров. Тэр хоёрын нэг нь “Cupola” нэртэй 360 градус харагдацтай дэлхийг дээрээс нь зураглахад яг тохирсон модуль байв. Өөрийн авчирсан модульдаа мань хүн дараа нь 200-аад өдөр үргэлжилсэн даалгаврынхаа үеэр байрласан юм.

ОУСС-д ажиллах хугацаандаа тэрээр эх дэлхийнхээ өнгө будгийг эрхгүй биширчээ. Анх удаа цэнхэр дэлхийгээ дээрээс нь ажихад түүнд өдийг хүртэл өнгөгүй, хар цагаан ертөнцөд амьдарч байгаад анх удаагаа өнгөт зүйл харж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн гэж өөрийн бичсэн “View from Above” номондоо дурджээ. Вертс сансраас нийт 319,275 зураг авсан байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ нийт сансрын нисгэгчийг тэргүүлдэг.

САРЫГ ЗУРАГЛАСАН НЬ

Уолтер Ширра нь “Mercury”, “Gemini”, “Apollo” гэх гурван хөтөлбөрт бүгдэд нь багтаж задгай сансарт гурван удаа гарсан анхны сансрын нисгэгч. 1962 онд өөрийн “Hasselblad 500C” камераа “Mercury-Atlas 8” нислэгт авч явахыг хүсэхэд НАСА-ийн инженерүүд камерыг нь нислэгт зориулан шинэчилж байж зөвшөөрчээ.

Тэр үеэс эхлэн НАСА болон “Hasselblad” нарын урт удаан хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Hasselblad” сансрын нисгэгчдэд тусгайлан зориулсан том, хялбар товчлууруудтай, хальс автоматаар солигдох системтэй, гялбалтаас сэргийлсэн анонжуулсан матт гадаргуутай, задгай сансрын эрс тэс цаг агаарт зохицох камерууд үйлдвэрлэж эхэлжээ.

Тэдгээр камерууд 1968-1972 онд “Apollo” хөтөлбөрт багтсан 30 сансрын нисгэгчдийн чухал хэрэгсэл болсон юм. Тэдний авсан зургууд зөвхөн НАСА-д хэрэгтэй байгаад зогсолгүй хүн төрөлхтний эх дэлхийгээ харах өнцгийг нь өөрчилсөн юм.

Нислэг болгонд авах зурагнуудын жагсаалт байдаг байв. Сарны нислэгт зураг авах газруудыг тэмдэглэн ямар дуран, ямар хальс, ямар тохиргоо ашиглавал хамгийн сайн зураг авч болохыг харуулсан хүснэгт өгч байжээ.

Мөн шинжлэх ухааны судалгаанд зориулан авсан зургууд алдартай болсон тохиолдлууд бий. Жишээ нь 1969 оны анхны саран дээрх газардалтын үеийн Эдвин “Базз” Олдриний хөлийн мөрний зургийг сарны тоосжилтын төлөвийг судлахын тулд авсан ажээ.

Эдвин “Базз” Олдриний хөлийн мөр

Мөн нөөц хальсаар авсан зургууд ч дутахгүй ач холбогдолтой. Эх дэлхийн маань хамгийн үзэсгэлэнтэй зургуудын нэг болох “Earthrise”-ийг нөөц хальсаар авсан юм.

Earthrise

Хэрэв сансрын нисгэгч Уильям Андерс төлөвлөснөөсөө илүү зураг аваагүйсэн бол “Life” сэтгүүлийн нэрлэсэн “Дэлхийг өөрчилсөн 100 зураг”-ийн нэгийг бид хэзээ ч харахгүй байв. Андерс хэлэхдээ “Сарыг таньж мэдэх гэсэн бүхий л бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийн дүнд бид дэлхийг дахин өөрсдөдөө нээсэн юм” гэжээ.

ДЭЛХИЙГ ДЭЭРЭЭС ЗУРАГЛАСАН НЬ

Өдгөө бид дэлхийг ОУСС-д ажиллаж буй Вертс нарын сансрын нисгэгчдийг авсан зургуудаар тольдох боломжтой болжээ. Сансрын нисгэгчдэд техникийн хүндрэлийг удирдлагын төвд мэдээлэх эсвэл ирээдүйн судалгааны ажилд зориулж мөн өөрсдийн хоббигоороо зураг авдаг билээ. Аль ч зорилгоор байсан тэдгээр бүх зургийг НАСА-ийн архивд хадгалдаг байна.

Карибын тэнгис, Багамын арлууд

ОУСС-с зураг авна гэдэг дэлхий дээр зураг авахаас шал өөр зүйл. (Петтит ОУСС дээрх сансрын нисгэгчдэд зориулж гарын авлага бүтээсэн). Тэд “Nikon”-ий камер болон дурангууд, 4K дүрс авахад зориулагдсан “RED Epic Dragon”, “Panasonic”-ийн 3D камер гэх мэт маш дэвшилтэт төхөөрөмжүүдийг ашигладаг болжээ. Хэдий техникийн шинэчлэлт маш сайн хийгдсэн ч дээр үеийн зарим нэг хүндрэлүүд байсан хэвээр. 28 мянган км/цагийн хурдтай дэлхийг тойрон эргэлдэх ОУСС-с 400 гаад км-ийн дор байх хөдөлж буй биет дээр фокус тааруулах, үүлнээс болж хэт гялбуулахгүй байх гэх мэт нарийн төвөгтэй асуудлууд зураг авах үед гардаг.

ЧАНАДЫН ЧАНАДЫГ ЗУРАГЛАСАН НЬ

Хүн төрөлхтөн өөрийн биеэр очиж судалгаа хийх боломжгүй алс холын гаригууд руу НАСА болон бусад улсын сансрын агентлагууд судалгааны станцуудаа илгээдэг. 1960 аад оны эхэн үеийн станцууд авсан хар цагаан зургууддаа хоёртын кодууд харгалзуулж дэлхий рүү илгээдэг байжээ. Энэ аргаар нэг кадр дамжуулах гэж хэдэн цаг болдог байв. Харин өдгөө дэвшилтэт дижитал мэдрэгч нь улаан, цэнхэр, ногоон фильтрүүдээр авсан зургуудыг илгээх бөгөөд эцсийн зураг дэлхийд боловсруулдаг юм. Мөн стереоскоп, VR камерууд алсын орон зайг бидний нүдний өмнө нээхэд ихээхэн тус хүргэж байна.

Бархасбадь гариг, 1979 он

2011 онд НАСА бархасбадь гаригыг судлуулахаар “Juno” станцыг хөөргөв. Анх “Juno”-д ямар нэг камер суурилуулах төлөвлөгөөгүй байсан ч энэхүү хөтөлбөрийн ерөнхий удирдагч доктор Скотт Болтон “Бархасбадь руу явж байж камергүй явах нь тэнэг хэрэг болно” гээд камер суурилуулах даалгавар өгчээ.

Өмнөх станцуудад хэрэглэж байсан камерыг ашиглая гэхнээ даац хэтрээд байв. Мөн станц тасралтгүй эргэлдэж байх учир гаригийн бүхэлд нь авахын тулд илүү өргөн өнцгийн дуран хэрэг болжээ. Гарсан хэрэгцээ шаардлагад яг таг нийцсэн дуран ашиглах шийдвэр гаргасан нь хожмоо дуу алдам гайхалтай зургууд авах боломжийг олгосон ухаалаг оновчтой шийдвэр байлаа.

“Juno”-с ирсэн түүхий өгөгдлүүдийг бага зэрэг засварласан хувилбаруудын хамт интернетед тавьдаг бөгөөд хэн ч танилцаж, татаж авч засварлаж болохын зэрэгцээ засварлагдсан зургууд НАСА-ийн сайтнаа гарч олны хүртээл болох боломжтой.

Бархасбадь гариг, “Juno” станцын авсан зураг

Манай нарны аймгаас алсад, бичил станцууд үл хүрэх орон зайг харахдаа бид телескопуудыг ашигладаг. Тэдгээр телескопын гол төлөөлөл болох “The Hubble Space Telescope” 1990 онд доод тойрог зам руу хөөрсөн бөгөөд түүний тусламжтайгаар хөрш зэргэлдээ нарны аймгуудыг болон мянга мянган гэрлийн жилийн зайд байх мананцруудын зургийг хүмүүс үзэх боломжтой болсон юм.

Долоон мянган гэрлийн жилийн алсад байх Бүргэд мананцрын цамхаг адил сунан тогтсон тоосонцруудын “Pillars of Creation” гэх алдартай зургийг 1995, 2015 онд хоёронтаа “Hubble” телескопоор авчээ. Ийм телескопуудаар харах нь цаг хугацааны аялалд хамгийн ойртож очих практик юм.

НАСА, Канадын Сансрын Агентлаг (КСА), Европын Сансрын Агентлаг (ЕСА) нар хамтран “Hubble”-ийн залгамжлагч болох “James Webb Space Telescope”-ийг 2021 онд угсарч, сансарт хөөргөхөөр төлөвлөөд байна. “James Webb” нь “Hubble”-с 100 дахин их хүчин чадалтай бөгөөд 1.5 сая км-ийн зайтайгаар нарыг тойрох юм. Энэхүү төслийн гол гэрээт компани болох “Northrop Grumman”-ий  төслийн дарга Блейк Баллок хэлэхдээ “Hubble телескопын хүчин чадлыг тултал нь ашиглавал бид өсвөр насны гэж болох сансар огторгуйг харж болно. Харин James Webb-ийг амжилттай хэрэгжүүлвэл сансар огторгуйн үүслийг харж чадна гэж бодож байна.” гэжээ.

Tell Us What You Think
0Like0Love0Haha0Wow0Sad0Angry