Facebook реклам (Sponsored)-наас яаж зугтаах вэ?

Найзын жагсаалтад байдаг ихэнх хүнээ хэдэн жилийн өмнө unfollow хийснээс хойш “Facebook” нь дагадаг хэдэн мэдээний сайтууд, шалгуур сайтай танилуудын шүүлтүүрээр гарч ирсэн сонирхолтой бичвэр, нийтлэлүүдийг харах хялбар хэрэгсэл болоод байсан юм.

Харин сүүлийн үед зургаан пост тутмын нэг нь миний хэзээ ч уншихгүй #sponsored буюу төлбөртэй сурталчилгаа, рекламууд тааралдах болсон нь Facebook-ээс уйдах нэг шалтгаан болгоод байна. “Facebook”-ийн таймлайнаа яаж аврах вэ? Надад хамаатай, үл хамаарах элдвийн хэрэггүй мэдээнүүдийг Facebook хэрхэн сонгодог юм бол?

РЕКЛАМУУДЫГ ЯАЖ ЗОГСООХ ВЭ?

Баруун дээд хэсэгт тухайн рекламын талаар нэмэлт сонголтууд бий
Баруун дээд хэсэгт тухайн рекламын талаар нэмэлт сонголтууд бий

Хамгийн түрүүнд хийж болох үйлдэл нь “sponsored” постны дэргэдэх цэсийг нээж “Hide Ad” /Сурталчилгааг нуух/ сонголтыг хийх юм. Сурталчилгааг нуухад Facebook-н зүгээс яагаад тэр үйлдлийг хийж байгааг асуух бөгөөд “Надад падлийгүй”, “Залхааж байна”, “Худалдаад авчихсан” гэсэн сонголтуудын аль нэгийг хийх боломжтой. Аль ч сонголтыг хийсэн тухайн сонгосон реклам дахиж харагдахгүй гэх боловч, миний хувьд хамгийн найдвартай санагдсан арга нь дахиад гарч ирэх цэсээс “Hide all ads from” сонголтыг хийх нь зүйтэй санагдсан.

ЧУХАМ ЯАГААД ЭНЭ РЕКЛАМЫГ БИ ХАРЖ БАЙНА?

Facebook-н ихэнх сурталчилгааны хувьд насны бүлэг болон байршлаар хүмүүсийг ангилдаг
Facebook-н ихэнх сурталчилгааны хувьд насны бүлэг болон байршлаар хүмүүсийг ангилдаг

“Why am I seeing this ad” /Надад яагаад энэ сурталчилгааг үзүүлж байна/ цэсийг дарах нь “Facebook-ийн хувьд би ямар үнэ цэнтэй “бүтээгдэхүүн” бэ гэдгийг олж мэдэх өвөрмөц туршлага юм.

Page ажиллуулдаг, бизнесээ сурталчлах шаардлагатай бол бусад хүн ямар чиглэлд Facebook boost /төлбөр төлж хуудас болон нийтлэлээ цацах/ хийж байгааг ийнхүү харах боломжтой.

FACEBOOK-Н НҮДЭЭР ТА

Энд байгаа мэдээллүүдийг устгалаа гээд нэмэр багатай. Facebook төд удалгүй дахиад л жагсаалт гаргачихдаг юм билээ.

Рекламуудын талаар цааш ухсаар “Your Ad Preferences” /Таны сурталчилгааны зан төлөв/ гэсэн өмнөхөөс ч илүү сонирхолтой цэсийг олж үзлээ. Би ямар хуудсуудыг дагаж, ямар түлхүүр үгтэй нийтлэлүүдийг дэлгэрүүлэн уншихаас эхлээд ямар өөр вэб хуудсууд руу орж байгаа, ямар газар оршин сууж байгаа гэх мэт Facebook-н цуглуулж байгаа миний хувийн амьдралын талаар маш их мэдээлэл дээр үндэслэн намайг хэрэглэгчийн хувьд ямар зан төлөвтэй вэ гэдэг талаар анкет бүрдүүлжээ.

БИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Яриа сонсдоггүй гэх мөртлөө ярьсан бүх зүйлийг мэдээд байгаа юм шиг нарийвчилсан сурталчилгаа үзүүлдэг “Facebook”-ийн урт гараас мултрах нь хуучны кинонд Халхын хавтгайд Богдын мутар хүрэхгүй газар үгүй гэдэг сүрдүүлэг шиг боломжгүй ажил болжээ. Гэхдээ хийх боломжтой зүйлс их биш боловч бас бий.

“Your Ad Preferences” цэснээс зарим тохиргоог өөрчлөх боломжтой

Үерхэл гэрлэлтийн байдлаас эхлээд хийж байгаа ажил, албан тушаалын мэдээлэл, боловсролын байдлыг реклам захиалагчдаас нуух боломжтойгоос гадна, “Facebook”-ийн харьяа компаниуд (Instagram!) хэрэглэгчийн мэдээллээ реклам захиалагчидтай хуваалцахгүй байх гэх мэт тохируулгуудыг хийж боломжтой.

Facebook хүмүүсийн мэдээллийг зардаггүй, мөрддөггүй гэх боловч, ээдрээтэй тохиолдлууд гарсаар бий

Эрлийнхээ төгсгөлд рекламуудыг бүрэн зогсоох аргыг олж хүчирсэнгүй. Зарим мэдээллээ сурталчилгаа захиалагчдын бай болгохоос далдалж, Chrome/Mozilla дээр реклам хаах нэмэлт аппликейшнүүдийг ажиллуулж болох ч эцсийн дүндээ сурталчилгаанаас зугтаах арга байсангүй. Ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээ үнэгүй байвал хэрэглэж байгаа хүн нь өөрөө бүтээгдэхүүн нь юм гэдэг шүү дээ. Бичсэн бүх зүйлсээр намайг шинжиж, дарсан орсон нийтлэл хуудсуудаар хүртэл зан төлөвийн бүртгэл үүсгэдэг болсон энэ цагт хэрэглээгээ хязгаарлах нь л хамгийн үр дүнтэй арга ажээ.

Tell Us What You Think
1Like0Love0Haha0Wow0Sad0Angry