“Дэлхийг тойрсон биелгээ” төслөөрөө АРДЫН БҮЖГИЙГ дэлхийд таниулах зорилготой

Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, бүжгийн багш, МУСТА, Цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгар

Ардын биелгээг орчин үеийн бүжгийн хэв шинжтэй хослуулан БНСУ-ын олон нийтийн газраар бүжиглэсэн нэгэн залуу уран бүтээлчийн бичлэг цахим орчноор тарсныг та хэдийн үзсэн бизээ. Энэ удаагийн дугаартаа 2016 онд ОХУ-н Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон Олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд өөрийн дэглэсэн “Талын бүсгүйчүүд” бүжгээр гуравдугаар байрт шалгарсан, 2017 онд “Seoul-2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдаанд ардын бүжгийн төрөлд тэргүүн байрын шагналт, 2018 онд ОХУ-н Кемерова хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн уралдаанд модерн бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарсан, мөн ХБНГУ-д зохиогдсон олон улсын комтемпорари бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн “Solo Dance Theatre” 23 дахь удаагийн уралдааны шилдэг 17 оролцогчийн нэг  Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, бүжгийн багш, МУСТА, Цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгарыг оролцууллаа.

*********************

Намайг бүжгийн урлагаас салгаж чаддаггүй нэг зүйл бол театрын үнэр… Бэлтгэлийн заалнаас л үнэртэх хөлс, тоосны үнэр, шалны ёолох чимээ бас хүмүүсийн чин сэтгэлийн алга ташилт энэ л зүйлстэй би зургаан настайгаасаа амьдралаа холбосон.

Надад бусдын адил сурагч насны гэнэн томоогүй, үерхэж хайрласан дурсамж, найз нөхөд бараг байхгүй ч бүжгэнд зориулсан цаг хугацаа надад маш том хүмүүжил, төлөвшил, үнэ цэнийг олгосон гэж боддог. Тиймдээ ч бүжиг миний амьдрал, амьсгал, бүх зүйл…

Жаахан байхдаа бүжгээ сурч чадахгүй загнуулж, уйлж харьдаг ч маргааш нь инээд алдан зааландаа бэлтгэлээ хийдэг байсан тэр үеийн сайхан дурсамжууд одоо ч надад аз жаргалыг мэдрүүлдэг.

Би Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрж өссөн. 12 настайгаасаа аймгийн Хөгжимт Драмын Театрын уран сайхны удирдаач МУГЖ Ц.Алтанцэцэг багшийнхаа удирдлага дор мэргэжлийн бүжигчнээр бэлтгэгдэж эхэлсэн юм. Багш маань шавь нараа зөвхөн ардын бүжиг гэлтгүй олон жанраар бүжиглэхийг сургасны ачаар өөрийгөө өдий зэрэгт яваа гэж боддог.

2012 оноос СУИС-д бүжиг дэглээчээр сурахдаа МУГЖ Д.Энхгэрэл, МУСТА М.Мөнгөнцэцэг багш шигээ мундаг дэглээч болохыг зорьсон.

Оюутан байхдаа найзуудтайгаа “Тэгэрийн хүмүүн” бүжгийн хамтлаг байгуулж байлаа. Манай хамтлаг өөрийн гэсэн театр, бүжгийн сургуулиа байгуулах зорилгоор түр завсарласан. Ихэнх гишүүн маань гадаадад бүжиг дэглээч, хувцас дизайн, маркетинг менежмент, гэрэл техникийн чиглэлээр мэргэшсэн баг бүрдүүлэхээр суралцаж байна.
 

Би этно модерн болон контенпорари жанраар бүжиг дэглэж, бүжиглэдэг.


Хүмүүс Монгол ахуй, уламжлалаа ардын урлагаас харж ойлгодог, мөн илүү чөлөөтэй сэтгэж, тухайн бүтээлээс дотоод ертөнц хийгээд өөрсдийгөө олж хараасай гэх үүднээс судалгаагаа хийж контемпорари болон модерн бүжигтэй хослуулан уран бүтээл хийхийг эрмэлздэг.

Нэг удаа контемпорари уран бүтээл үзчихээд өөрөөсөө маш их ичсэн мэдрэмж авч, сул талаа засаж билээ. Тэр уран бүтээлчийн гаргаж буй үйлдлүүд нь яг л надаар тохуурхаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн гэх үү дээ.

2017 онд сургуулиа төгсөөд БНСУ-д хэлний бэлтгэлээр жил гаран сурах тэтгэлэг авсан. Зөвхөн хэлний бэлтгэлийнх байсан болохоор бусад зардлаа өөрөөсөө төлөх шаардлагатай болно. Тэнд байх хугацаанд “Жулая” бүжгийн компанид дагалдан бүжигчин хийдэг ч хангалттай цалин авдаггүй учир амралтын өдрөөр хар ажил хийнэ. Хэл муу хүнд л ажлууд л олдох тул өрийгөө ихэд чамладаг байв.

Тухайн үед “Хичээгээд хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн бүжигчин эсвэл ингээд солонгосчуудын боол бол” гэсэн бодол үе үе зурсхийх тул хичээхээс өөр сонголт надад байгаагүй.

Хэлний бэлтгэлээсээ буцаж ирээд гурав дахь жилдээ материалаа өгч өнгөрсөн зун БНСУ-ын Азийн урлагийг хөгжүүлэх “CPI нийгэмлэг”-ийн 6 сарын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан саяхан эх орондоо ирсэн.

Монголын контемпорари, модерн бүжгийн урлагийг хөгжүүлэхэд бага ч атугай хувь нэмрээ оруулах зорилгод минь энэ тэтгэлэгт хөтөлбөр их тусаа өгсөн гэж боддог.

Хөтөлбөрт хамрагдах хугацаанд Солонгос улс дахь Монголын урлагийн “Соёмбо” нэгдлийн тэргүүн Н.Идэрмөнх ах, “Эх хэлээрээ дуулъя” тэмцээний шилдгүүдтэй хамтран “Hope&Love” хандивын тоглолтыг хамтран зохион байгуулсан. Тус тоглолтын орлогоо бид хөгжлийн бэрхшээлтэй ой 8 сартай Г.Жаргалсайхан хүүгийн эмчилгээний төлбөрт зориулсан.

Энэ тоглолтоороо бид цөөхүүлээ ч гэсэн харь нутагт сэтгэл зүрхээрээ нэгдэж нэгэндээ дэм болж чаддагийг харах нь их сэтгэл хөдлөм байв.

Тиймдээ ч Монголдоо ирж CPI хөтөлбөрөөс сурч мэдсэнээ бүжгийн урлагт чин эрмэлзэлтэй хүүхдүүдэд зааж, тэднээс авсан багахан хэмжээний төлбөрөө сайн үйлсийн аянд зориулах зорилгоор бүжгийн сургалтаа явуулж байна.

Бие биелгээг дэлхийд таниулах зорилгоор ардын бүжгийг контемпорари урлагтай хослуулсан “Дэлхийг тойрсон биелгээ” төслөө ийнхүү хэрэгжүүлж эхэлсэн.

 

Дэлхийг тойрч биелгээ, Монгол ахуй соёлоо сурталчлах санаа толгойд минь аль эрт л эргэлдэж байсан.

Би 2018 онд ХБНГУ-ын Stuttgart хотод болсон олон улсын 450 гаруй залуу бүжиг дэглээчийн тэмцээний шилдэг 17-оод шалгарч байсан юм. Тэнд байх хугацаандаа “Дэлхийг тойрсон биелгээ” төслийнхөө анхны дугаараа хийсэн бичлэгээ санамсаргүй байдлаар устгасан. CPI-ийн тэтгэлгээр БНСУ-д сурч байх хугацаанд Үндсэн хуулийн цэцийн даргын зохисгүй үйлдлээс болж манай улсын нэр хүнд багагүй унасан. Олон нийтийн газарт Монголоор ярихаар “Бүдүүлэг, соёлгүй Монгол явж байна” гэж ярьцгаах нь их эмзэглэмээр санагдсан. Тиймээс бид ийм соёл, урлагтай ард түмэн шүү гэдгийг харуулан ардын урлагаа сурталчлахаар Б.Билгүүн ахтай хамтран хүмүүс олноор зорчдог газраар “Дэлхийг тойрсон биелгээ” төслийнхөө шинэ бичлэгээ хийсэн юм.

Ажлаасаа урт хугацаанд чөлөө авч чаддаггүй болохоор он гараад ойрхон улс болох хоёр хөршдөө очиж дараагийн дугаараа хийхээр төлөвлөөд байна. Хэн нэгнийг ялсандаа биш өөрийнхөө тэр их өвдөлт, зовиуртай тэмцэж чадсан мөч надад жинхэнэ ялалт мэт санагдсан. Миний хувьд өнөөдрийг хүртэлх хамгийн том амжилт бол бие минь хүнд өвдсөн ч эмнэлгээс зугтааж МУГЖ Д.Энхгэрэл багшийнхаа дэглэсэн “Хөмөрөгөн гурвалжин” бүжгийг 2013 оны тавдугаар сард олон улсын хадны сүг зураг судлаачдын чуулга уулзалтын үеэр тайзнаа тоглосон явдал юм. Хэн нэгнийг ялсандаа биш өөрийнхөө тэр их өвдөлт, зовиуртай тэмцэж чадсан мөч надад жинхэнэ ялалт мэт санагдсан.

Бүжгийн бэлтгэлийн үеэр хүмүүс биднийг хадны сүг зураг амилуулаад байхдаа яах вэ дээ, “СУИС-ын хэдэн хадны мангаа” хэмээн дооглодог байсан. Харин тэр бүжгийг ЮНЕСКО-гийн тайзанд тоглохоор манай уран бүтээлчид явсан. Бүжгийн урлагаар дамжуулж хүүхдэд нэн түрүүнд хүмүүжлийг харин дараа нь шилдэг байх чадварыг бий болгоосой гэж боддог.

Бүжиг хүнийг биесээ хайрлаж хүндэх төлөвшил, багаар ажиллах чадвар суулгадгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Урлагийн хүн байхын тулд биеэ зөв авч явж, хорт зуршлаас хол байж нийгмийг гэрэлтүүлнэ шүү дээ. Тэр тусмаа контемпорари бүжиг хүнийг илүү чөлөөтэй, алив зүйлд хязгаарлагдахгүй байх сэтгэлгээний эрх чөлөөг өгдөг. Тиймээс шавь нартаа гоё бүжиг заахыг нэн тэргүүнд тавьдаггүй, зөв төлөвшил, хүмүүжил олгохыг зорьдог. Манайд буй бүжгийн сургалтуудыг анзаараад байхад бүжгийн урлагаар хүүхдүүдэд хүмүүжил олгох гэхээс илүүтэй амжилт гаргах, нэгнээ ялах, нэгдүгээр байрыг авах гэсэн сэтгэхүйг суулгаад байх шиг надад санагддаг.

Эцэг эхчүүд ч “Манай хүүхэд мундаг болж байна уу, “А” сууж байна уу, тэмцээнд хэзээ оролцох вэ гэж асуудаг. Миний хувьд үүнээс илүүтэй миний хүүхэд бүжгээс зөв төлөвшлийг  авч байна уу, аав ээжийнхээ үгэнд хэр орж байна, найз нөхөд бусадтай яаж харьцаж байна вэ гэдгийг илүү анзаараарай гэж хэлэхийг хүсдэг.

Tell Us What You Think
0Like0Love0Haha0Wow0Sad0Angry