Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 10 үйл явдал

Энэ сарын 02-нд Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрснийг энэ мягмар гараг буюу энэ сарын 10-нд албан ёсоор мэдэгдэв.

2. Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоолоо.

3. Коронавирусийн халдвар авсан франц иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай 207 хүн шинэ коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдоод байна.

4. Өмнө нь 60-аас дээш насныхныг коронавирусийн халдвар авах эрсдэл өндөртэй гэж байсан бол одоо 40-өөс дээш насныхан эрсдэлт бүлэгт орсныг онцолж, энэ насныханд зориулсан шинэ зөвлөмж гаргаж байна.

5. Мөнгөний бодлогын хорооны 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэв.

6. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулиар үндэслэлгүйгээр үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

7. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан татаж авна. Эхний ээлжинд БНСУ-аас өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчирлаа.

8. Энэ сарын 16-ныг хүртэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болов.

9. Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ.

10. Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 10 хороодод үерийн усны далан суваг барихаар болжээ. Одоогийн байдлаар далан суваг барих, хөрсний болон булгийн усыг зайлуулах талаарх шугам зургийг баталгаажуулж, Автозамын газартай трассны асуудлаар зөвшилцөж байгаа талаар ЗАА-ны хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээллээ.

Tell Us What You Think
1Like0Love0Haha0Wow0Sad0Angry