Славой Жижек: Капитализмд өгч буй коронавирусийн цохилт ба коммунизмыг шинээр төсөөлөхүй

RT сайтад нийтлэгдсэн философич Славой Жижекийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрбээр Любляна их сургуулийн Социологи, философийн хүрээлэнгийн ахлах судлаач, Нью-Йоркийн их сургуулийн хүндэт профессор, Лондонгийн их сургуулийн хүмүүнлэгийн ухааны Биркбэк хүрээлэнгийн олон улсын захирал юм.

Коронавирусийн дэгдэлт нь нэг талаас хуурамч мэдээ, параноид хуйвалдааны онолууд, арьс өнгөний ялгаварлал зэрэг нийгэмд нуугдмал байсан төрөл бүрийн үзэл суртлын (идеологийн) тахлыг дэгдээлээ.

Хөл хориог анагаах ухааны онолын хувьд зөвтгөж болох ч бидний ижилсэлд дайсагнагч өрөөлийг тусгаарлах, хил хязгаарыг тогтоох идеологийн шахалтад цуурайтжээ.

Гэхдээ арай өөр, илүү анагаах чадалтай идеологийн вирус бидэнд тархаж халдана гэдэгт найднам. Тодруулбал, өөр нэг нийгмийг төсөөлөхөд хүргэх вирус. Энэ бол үндэстэн хийгээд улсаас гадуур нийгэм, дэлхий нийтийн эв нэгдэл болон хамтын хүчийг бодитоор хэрэгжүүлэх нийгмийн вирус.

Чернобылийн осол ЗХУ-д коммунизмыг төгсгөсөнтэй (Горбачев өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн болно) адил коронавирус Хятадын коммунист засаглалыг уналтад хүргэж магадгүй хэмээх таамаглал өнөөдөр сонсогдож байна. Гэхдээ үүний дунд явж буй өөр парадокс бол: коронавирус бидний хүн хүндээ, шинжлэх ухаанд итгэх итгэлд тулгуурлан шинэ коммунизмыг бий болгох тухай асуудал юм.

Квентин Тарантиногийн “Биллийг хөнөө 2” киноны эцсийн сцен дээр Беатрис хорон санаат Биллийг “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” хэмээх тулааны урлагийн хамгийг аюултай гэх үхлийн цохилтоор зогсооно. Энэхүү цохилтод өртсөн хүний зүрх таван алхам хийсний дараа хагарч, тэр дороо хөсөр унадаг жамтай.

Энэ цохилт тулааны урлагийн домог төдий зүйл бөгөөд жинхэнэ гардан тулаанд хийх боломжгүй. Гэхдээ, кино руугаа буцья. Беатрис чингэсний дараагаар Билл түүнтэй тайван байдлаар найрамдаж, тав алхаад амь хураана…

Цохилтыг сонирхол татам болгож буй зүйл нь цохилтыг авснаас хойш амьсгал хураах хүртэлх цаг хугацаа юм. Би тайван сууж байвал аятайхан хууч хөөрч болно, гэхдээ би алхаж эхлэх л юм бол зүрх минь хагарч шууд үхнэ гэдгээ энэхэн мөчид зэрэг мэдрэх мэдрэмж.

Коронавирусийн тахал Хятад дахь коммунист засаглалын уналтад хүргэнэ гэх таамаглалтай төстэй биш гэж үү? Нэг тийм нийгмийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник”-ийг коммунист намынхан үзүүлсэн мэт эрх баригчид хөл хориог ажиглангуй суухаас өөр аргагүй бөгөөд нийгэмд ямар нэг томоохон өөрчлөлт хийвэл (жишээ нь, хүмүүст итгэх) уналтад хүргэх юм шиг нөхцөл байдал.

Гэхдээ миний өчүүхэн бодол илүү радикал юм. Учир юу вэ гэвэл, коронавирусийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” нь дэлхийн капиталист системд өгч буй цохилт юм. Энэ бүхэн бид өнөөдрийг хүртэл амьдарсан шиг амьдралаар цааш замнах боломжгүй болж буйн, бас радикал өөрчлөлт шаардлагатай болсны дохио юм.

Харамсалтай баримт! Бидэнд гамшиг хэрэгтэй

Нэлээд хэдэн жилийн өмнө Фредрик Жэймесон хэмжээлшгүй том гамшгийн тухай (эх дэлхийг солир мөргөж улмаар бүх амьд биет устах, эсвэл бүх хүн төрөлхтнийг үгүй хийх вирус гарах гэх мэт) утоп гэмээр үйл явдал кино урлагт тусгалаа болно гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан. Ийнхүү бүх нийтэд тулгарсан аюул, заналхийллийн үр дүнд дэлхийд шинэ эв нэгдэл бий болох бөгөөд хүн төрөлхтний явцуу, ялгаатай зүйлс үгүй болж, хамтын шийдэлд хүрэх гарцыг хайх аж. Гэвч бодит байдалд, хүн төрөлхтөн гамшиг, зовлон зүдгүүрийг бодитоор амсаж байж л амьдарч буй нийгмийнхээ үндэс суурийг дахин эргэцүүлэхэд хүрч байгаа нь хамгийн харамсалтай баримт юм.

Хүн төрөлхтөн гамшиг, зовлон зүдгүүрийг бодитоор амсаж байж л амьдарч буй нийгмийнхээ үндэс суурийг дахин эргэцүүлэхэд хүрч байгаа нь хамгийн харамсалтай баримт юм.

Дэлхий нийтээрээ нэгдсэн зохион байгуулалтад орох бүдэг бадаг загвар цухуйж байгаа нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага юм. Эндээс л хүнд сурталжсан биш, олон нийтийг ямар нэг айдаст автуулалгүйгээр нөхцөл байдалд тохирсон анхааруулгууд гарч байна. Ийм байгууллагуудад л илүү их гүйцэтгэх эрх мэдэл олгох хэрэгтэй.

Ираны Эрүүл мэндийн сайд Ираж Харирчи коронавирусийн тархалтын хэмжээг бага мэт харуулахын тулд олон нийтийн хөл хорио тогтоох шаардлагагүй гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ. Гэвч маргааш нь тэр өөрөө коронавирусийн халдвар авснаа зарлаж, тусгаарлалтад орсоноо дуулгасан юм. (телевизэд ярилцлага өгөхдөө тэрбээр аль хэдийн халуурч, сульдсан байдалтай байсан). Харирчи “Энэ бол ардчилсан вирус. Баян, ядуу төрийн түшээ, энгийн иргэн гэж хэнийг ч ялгаварлахгүй” хэмээжээ.

Түүний хэлсэн нэг зөв зүйл бол: бид бүгд нэг завинд байна. Хамгийн егөөтэй нь, нэг нэгэнтэйгээ харьцахаас зайлсхий, бүр өөрийгөө тусгаарла гэсэн өдөр тутмын тушаамжууд нь эцэстээ биднийг дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэхэд хүргэсэн гэдэгт байгаа юм.

Гэхдээ бидний өмнө зөвхөн вирусийн аюул заналхийлээд зогсохгүй ган гачиг, хэт халалт, шуурга гэх мэт бусад байгалийн гамшигт нүүрлээд байна. Эдгээр гамшиг нүүрлэсэн тохиолдолд айж түгшин, эмх замбараагүй байдалд автах бус аль болох түргэн хугацаанд дэлхий нийтээрээ зохион байгуулалтад орж, хамтын зохицуулалт хийх хэрэгтэй юм.

Хамгийн егөөтэй нь, нэг нэгэнтэйгээ харьцахаас зайлсхий, бүр өөрийгөө тусгаарла гэсэн өдөр тутмын тушаамжууд нь эцэстээ биднийг дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэхэд хүргэсэн гэдэгт байгаа юм.

Бид цахим ертөнцөд л аюулгүй байх уу?

Нэн түрүүнд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг улсад айлчлахдаа “Энэ тахал удахгүй татарна. бид оргил үеийг л тэсээд гарчихвал амьдрал эргээд хэвэндээ орно” гэх төөрөгдсөн мэдэгдлийг үгүй хийх хэрэгтэй.

Ингэж хөнгөн найдвар тээхийн оронд аюул дуусаагүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Магадгүй эхний давлагаа намдсан ч вирус дахин шинээр, бүр аюултай хэлбэрээр тархах магадлалтай юм. [Жижек энд 2003 оны САРС-ын давалгааг хэлж байх шиг байна. САРС нь коронавирусын нэгэн төрлийн тахал байсан бөгөөд арай бага хүн ам эрсдсэн ч өнөөдөр энэ давлагаа бүр хүчтэй ирснийг дурдах хэрэгтэй байх. орчуулагч] 

Иймд вирусийн халдвар хүмүүсийн өдөр тутмын суурь харилцаа, биднийг хүрээлэн буй эд зүйлс, объект зэргийг харах өнцгийг өөрчилж мэднэ. Тухайлбал, нүдэнд ил харагдахгүй ч бохир эд зүйлд хүрэхээс болгоомжил, нойлын суултуур болон нийтийн сандал дээр бүү суу, хүмүүстэй тэврэлдэх, гар барихаас зайлсхийх гэх мэт. Түүнчлэн гараа нүүр тэр дундаа хамар, ам, нүдэндээ хүргэдэг зуршлаа хянах шаардлагатай юм.

“Энэ тахал удахгүй татарна. бид оргил үеийг л тэсээд гарчихвал амьдрал эргээд хэвэндээ орно” гэх төөрөгдсөн мэдэгдлийг үгүй хийх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, бидэнд төр засаг, бусад агентлаг хяналт тавих нь хангалтгүй тул бид өөрөө өрсөддөө хяналт тавьж, сахилга баттай байхад суралцах хэрэг гарна. Магадгүй баян чинээлэг хүмүүс амьдрах боломжтой цөөн хэдэн арал руу нүүдэллэж, үлдсэн хүн төрөлхтний хувьд цахим ертөнц л халдвар авах боломжгүй, эрх чөлөөтэй байх цорын ганц газар болж мэднэ.

Гэвч цахим ертөнц болон интернэтийн хүрээнд ч сүүлийн хэдэн арван жилд “вирус” гэх нэр томьёог ашиглах болж, цахим орон зай хэр их хөнөөлтэй байсныг, хэрхэн биднийг мэдэгдүүлэлгүй өвчлүүлж байсныг (жишээлбэл, вирусийн уршгаар хадгалсан мэдээлэл устаж, хатуу диск эврэхэд) санах хэрэгтэй. Харин өдгөө энэхүү нэр томьёоны анхдагч шууд утга нь эргэн ирж буйг бид харж байна. Вирусийн өвчлөл бодит амьдрал ч, цахим ертөнц ч тэр аль аль орон зайд хам утгаар оршиж байна.

Капиталист анимизмын эргэлт

Өөр нэгэн ажиглагдаж буй жигтэй зүйл бол зах зээл хэмээх нийгмийн үзэгдэл эсвэл санхүүгийн хөрөнгийг амьдчилан үзэх капиталист анимизмын эргэлт юм. Хэрэв бид томоохон хэвлэлүүдийн мэдээг уншвал олон мянгаараа амиа алдсан хүмүүсийн тухай бус (нэмээд олон мянгаараа амь алдах магадлалтай) харин “зах зээл түгшиж эхэлж байна” гэдэгт санаа зовох ёстой мэт сэтгэгдэл төрж байна. Коронавирус дэлхийн зах зээлийн өөгүй гадаргууг илэрхий үймүүлэн, сүүлд мэдээлснээр өсөлт 2-3 хувиар буурах хандлага байна гэжээ.

Эдгээр бүх шинж тэмдэг нь дэлхийн эдийн засгийг зах зээлийн механизмын хараат байдлаас гарган өөрөөр зохион байгуулах хэрэгцээ буйг илэрхийлэхгүй байна гэж үү? Үүнд мэдээж хуучин маягийн коммунизмыг хэлээгүй болно. Эдийн засгийг хянан зохицуулах мөн шаардлагатай үед үндэстэн-улсын бүрэн эрхт байдлыг хязгаарлаж чадах ямар нэгэн дэлхийн байгууллага хэрэгтэй байна. Өнгөрсөнд дайны улмаас улс орнууд нэгдэж чадсан бол өнөөдөр бид үтэр түргэн эрүүл мэндийн дайн руу ойртож байгааг бодитоор харах хэрэгтэй.

Автомашин үйлдвэрлэлд коронавирус мөн л нухацтай нөлөөлж буй нь сайн хэрэг бөгөөд бидний хувийн унаанд амташсан донтолтоос өөр зүйлийг эрэлхийлэх хүслийг төрүүлж магад.

Нөгөө талаас энэхүү тахлаас үүдэн гарч буй зарим нэг эерэг өөрчлөлтүүдийг дурдмаар байна. Тухайлбал, тансаг зэрэглэлийн усан аяллын онгоцон дахь зорчигчид хөл хорионд орсон явдал бол ичгүүр сонжуургүй зүйл гэж би хэлмээр байна (хэдэн жилийн өмнө онгоцоор аялах нь цөөнхийн боломж байсан шиг хаа нэгтээ ганц арал руу эсвэл өөр нэгэн тансаг амралт руу явах нь цөөнхөд олдох боломж бүү байгаасай гэдэг утгаараа). Автомашин үйлдвэрлэлд коронавирус мөн нухацтай нөлөөлж буй нь сайн хэрэг бөгөөд бидний хувийн унаанд амташсан донтолтоос өөр зүйлийг эрэлхийлэх хүслийг төрүүлж магад. Жагсаалт үргэлжилсээр.

Унгарын Ерөнхий Сайд Виктор Орбан саяхан “Либерал үзэлтэн гэж байхгүй. Либерал хүн гэдэг бол дипломтой коммунист” хэмээсэн билээ.

Үүний яг эсрэг нь үнэн бол яах вэ? Бидний эрх чөлөөний төлөө санаа зовдог бүгдийг бид “либералууд” хэмээгээд харин дэлхийн капитализмын хямрал ойртон буй энэ үед эдгээр эрх чөлөөг зөвхөн радикал өөрчлөлтөөр аварч болохыг мэдэж буй хүмүүсийг “коммунистууд” хэмээвэл ямар вэ? Тэгвэл өнөөдөр өөрсдийгөө коммунистууд хэмээж буй дипломтой либералууд бидний либерал үнэт зүйлс яагаад ийнхүү аюулд өртөх болов гэдгийг ухан, зөвхөн радикал өөрчлөлт тэднийг аврах юм байна гэдгийг ухаарсан либералууд.

Tell Us What You Think
1Like0Love0Haha0Wow0Sad0Angry